Салбар байгууллагууд
САЛБАР НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Тус хэлтэс нь Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах, байгаль цаг агаарын болон аюултай үзэгдлийн үнэн зөв мэдээ, мэдээллийг аль болох эрт урьдчилан мэдээлж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээгээр Төр засаг, байгууллага, ард иргэдэд үйлчлэх, цаг агаарын таатай нөхцөлийг бүрэн ашиглахад туслах зорилготой.
Урьдчилан мэдээлэх салбар
Анх УЦУАУЕГ-ын шийдвэрээр 1978 оны 11 дүгээр сарын 5-нд ахлах инженер Сэр-Од, синоптик инженер Н.Цэндмаа, Р.Жавзандулам, техникч Наянтай, Нарангэрэл оператор Энхжаргал, Одгэрэл, Нямжав, Буянхишиг, Дулмаа нарын нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус салбар нь Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах, байгаль цаг агаарын болон аюултай үзэгдлийн үнэн зөв мэдээ мэдээллийг аль болох эрт урьдчилан мэдээлж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын тойм, цаашдын төлөвийн талаар зөвлөмж гарган хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх, эрдэм шинжилгээний ажил хийх, нийтийн ба тусгай хэрэгцээний богино болон урт хугацааны урьдчилсан мэдээ гаргах, цаг агаарын таатай нөхцлийг бүрэн ашиглахад туслах зорилготой. Өнөөдөр тус салбар нь 47 нэр төрлийн урьдчилсан мэдээ, тойм, зөвлөмж, урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээ, зөвлөмж гарган ард иргэд, аж ахйун нэгж, төрийн байгууллагуудад тогтмол үйлчилж байна. Мэдээ мэдээллээ лавлах утас, мэдээллийн веб сайт, и-мэйл, урсдаг самбар, масс мессеж, албан ёсны пейж хуудсуудаар дамжуулан мэдээлж ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж байгаа агаарын нислэг бүрт цаг агаарын мэдээгээр үйлчлэх ажлыг 2019 оны 7 дугаар сарын 20-ноос хийж эхэлсэн. Өнөөдөр тус салбарын хэлтсийн даргийн түр орлон гүйцэтгэгчээр систем сүлжээний технологич инженерээр Т.Ганцэцэг, урьдчилан мэдээлэхийн инженерээр С.Сүлд-Эрдэнэ, П.Жигүүрцэцэг, Т.Түвшинжаргал, М.Урангоо, Г.Энхзул нар ажиллаж байна. Тус салбар нь шинжилгээний ажлын дүнгээрээ системийн хэмжээнд 2010, 2011, 2014, 2017 онуудад тэргүүн байранд шалгарч байсан.
Урьдчилан мэдээлэх салбарт Сэр-Од, Жавзандулам, Н.Цэндмаа, Н.Даваасүрэн, А.Сумъяа, П.Цэвэлмаа, Д.Оюунчимэг, Уранчимэг, С.Энхтүвшин, Д.Дэнсмаа, М.Эрдэнэбилэг, Б.Оюунтуяа, Д.Гомбодаш, Т.Лувсандорж, Д.Галсандагва, О.Ганбат, Ч.Мэндсайхан, Т.Бат-Эрдэнэ, Э.Занданмядаг нарын синоптик инженерүүд, техникчээр Дулмаа, Буянхишиг, Наянтай, Нарангэрэл, Дэлгэрчимэг, Цэцгээ , Нарантуяа, Н.Энхчимэг С.Энхсэлэнгэ нар ажиллаж байжээ.
Холбоо, мэдээллийн салбар.
Холбоо сүлжээний салбар нь анх 1978 онд байгуулагдан, төвтэйгээ телеграфын сувгаар мэдээлэл солилцох, радио сувгаар факсималь зураг хүлээн авах үйл ажиллагаа явуулж иржээ. Холбооны зангилаанд радио хүлээн авагч Р-250, факсимал зураг хүлээн авах ФАК-П, ИНЕЙ-П, телетайп Т-63, трансмиттер Т-53, суваг нягтруулгын төхөөрөмж П-314М, ВГДШ маягийн антенн зэрэг холбооны тоног төхөөрөмжүүдийг угсарч ашиглалтанд оруулан ашиглаж байжээ.
Холбоо зангилгааны анхны инженерээр Норовбанзад, техникчээр Энхжаргал, операторч П.Оюун, Э.Цэцгээ нар ЦУХТ-д очиж сургалт, дадлага хийж дагалдангаар ажиллаж эхэлсэн. 1980 оноос инженер Норовбанзад төвд шилжиж түүний халааг Д.Жүгдэр агсан авч, 1983 оны 10 дугаар сар хүртэл ажиллажээ. Түүний дараа ЦУХҮТ-д операторчоор ажиллаж байсан С.Бямбаа холбоо зангилааны инженерийн ажлыг хариуцан гүйцэтгэв. 1989 онд телефон, телеграфын суваг нягтруулах төрөөрөмж суурилуулан төвөөс мэдээ, зураг нэгэн зэрэг хүлээн авах ажиллагаанд шилжсэн юм. 1990-1994 оны хооронд Батлы, Энхболд инженерүүд, техникчээр Ду.Оюунчимэг, Д.Оюунчимэг, Д.Төртүвшин, Н.Энхчимэг нар ажиллаж байв. С.Нэргүй 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс операторчоор ажиллаж байгаад мөн оны 09 дугаар сарын 01-нээс Холбооны инженерийн албан тушаалд томилогдон 1998 он хүртэл ажиллажээ. 1996 оноос багц мэдээллийн Х-25 протоколд суурилагдсан компьютерийн сүлжээнд холбогдон тоон болон зурган мэдээллийг 9600 бит/сек- ийн хурдтайгаар солилцож эхэлсэн нь мэдээ солилцоог сайжруулахад ихээхэн үр дүнтэй ажил болсон юм. С.Нэргүй инженерийн дараа Сүхбаатар станцын ахлах техникчээр ажиллаж байсан С.Энхсэлэнгэ энэ ажлыг хариуцаж, 2001 оноос 2008 он хүртэл Д.Гомбодаш хариуцаж байсан байна.
-Цаг уурын ажиглалт хэмжилтийн их хэмжээний мэдээ мэдээллийг шуурхай солилцохын тулд газрын холбооны сувгийг сансрын холбоонд шилжүүлэх шаардлагатай байгааг харгалзан мэдээлэл солилцох өндөр хурдны технологид шилжих ажлыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар "Монгол улсын цаг уурын ажиглалт, урьдчилан мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох нь" төслийн хоёрдахь үе шатанд хэрэгжүүлж, улмаар "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр"-т заасан Ус цаг уурын холбооны үндэсний төв, аймгийн төвүүдийн хооронд өндөр хурдаар мэдээлэл солилцох технологи хиймэл дагуулын холбооны \/SАТ системд шилжүүлэх ажлын хүрээнд мэдээ хүлээн авах, дамжуулах хиймэл дагуулын антеннийг 2004 оны 11 дүгээр сард тус албанд суурилуулан ашиглалтанд оруулжээ.
2013 оны 05-р сард “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨК-ны байранд CISCO рүүтэр суурилуулан өндөр хурдны шилэн кабельд холбогдон бүх төрлийн мэдээ мэдээллээ дотоодын болон олон улсын солилцоонд гарган ажиллаж байна.
- ЦУОШГ-ын даргын тусгай захиалгат бүтээгдэхүүнд тусгасаны дагуу интернетийг цаг уурын сувгаас салгах ажлын хүрээнд тус газар нь СКАЙНЕТ ХХК-тай гэрээ байгуулан 4МВ-ийн интернетийн урсгалыг түрээслэн 2017 оны 12-р сарын 10-наас эхлэн мэдээлэл үйлчилгээний ажилдаа ашиглаж эхэлсэн.
Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-ын дотоод сүлжээг шинээр байгуулах ажлыг 2018 оны 04-р сарын 10 ны өдөр хийсэн. Дотоод сүлжээний хуучин монтажыг бүгдийг нь татан буулгаж, шинээр сүлжээгээ монтажлахад 300м Cat 6 кабель, 50 ширхэг сүлжээний толгой, 3 ширхэг гегагийн свич, 12 метр утас далдлагч ашиглав.
УЦУОШТөвийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 03-ны 41 тоот тушаалыг үндэслэн Холбоо сүлжээний салбарын инженерээр Т.Ганцэцэгийг томилон ажиллуулаад, 2018 оноос бүтцийн өөрчлөлтөнд орж холбоо сүлжээний салбар татан буугдсан юм. Одоо Т.Ганцэцэг нь систем сүлжээ хариуцсан ерөнхий технологич инженерээр ажиллаж байна.
Холбооны салбарт ажиллаж байсан үе үеийн инженер, техникч нар: Норовбанзад, Д.Жүгдэр, С.Бямбаа, Дуламжавбаатар, Болормаа, Н.Тунгалаг, Батлы, С.Нэргүй, С.Энхсэлэнгэ, Д.Гомбодаш, Энхжаргал, П.Оюун, Э.Цэцэгээ, Ду.Оюунчимэг, Д.Оюунчимэг, Д.Төртүвшин, Н.Энхчимэг, П.Даваасүрэн, Л.Баярмөнх, Х.Цацралчимэг, А.Цолмон, Л.Энхтунгалаг, Б.Ундармаа, Т.Бат-Эрдэнэ, Б.Отгонсүрэн, Д.Отгонцэцэг, Э.Баянжаргал, Р.Шинэбаяр, Г.Гандарь
- ЦАГ УУР, ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
- Орон нутгийн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа, хэмжлийн, технологийн нэгдмэл байдлыг хангаж шинжилгээ мэдээлэл үйлчилгээний хөтөлбөрийг биелүүлэх.
- Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийн тасралтгүй ажиллагааг хангаж хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх.
- Хэмжлийн нэгдмэл байдал хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах.
- Улсын сүлжээнд технологи мөрдүүлж техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх.
- Ажиглалт хэмжлийн тайлан материалыг шүүмж шалгалт хийж баталгаажуулах.
- Архив мэдээллийн дэд санг бүрдүүлэх.
- Цаг агаар уур амьсгалын болон тусгай хэрэгцээний, захиалгат мэдээгээр үйлчлэх үүрэгтэй юм.
Цаг уур, уур амьсгал боловсруулалтын салбар
Тус салбар нь 1976 онд ХАА-н цаг уурын станцыг байгуулан сумдын ус цаг уурын өртөө, харуулын цаг уур, хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиглалтын тайлан материалд техникийн болон шүүмж шалгалт хийж эхэлсэн байна.
1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс цаг уурын боловсруулалтын бие даасан салбар болж цаг уурын горимын мэдээ боловсруулалтын автоматжуулсан программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн цаг уурын ажиглалтын тайланг боловсруулж, уур амьсгалын горимын мэдээний цахим сан үүсгэн хадгалах ажил эхэлсэн байдаг. Энэ үед салбарын инженерээр Б.Оюунтуяа, техникчээр Б.Дэжидмаа, Д.Цэцэгсайхан нар ажиллаж байлаа. ЦУОШГ-аас сүүлийн жилүүдэд хийсэн техник технологийн эрчимтэй шинэчлэл, түүний дотор 2008 оны 06 дугаар сараас улсын сүлжээнд цаг уурын горимын мэдээ боловсруулалтын PRSONA MIS системд үндэслэгдсэн шинэ программ хангамжийг нэвтрүүлсэн нь цаг уурын ажиглалтын анхан шатны материалын боловсруулалтыг автоматжуулсан горимд оруулах боломжийг нэгэнт бүрдүүлсэн тул ЦУОШГ-ын даргын 2008 оны 02 дугаар сарын 22-ны 29 дүгээр тушаалаар эхлэн цаг уурын өртөө, харуулын материал боловсруулалтад ЦХ-1Н, ЦХ-7 хүснэгт хэрэглэхийг зогсоож, цаасгүй технологид шилжүүлсэн байна. Эдгээр жилүүдэд инженерээр С.Энхсэлэнгэ, техникчээр Ч.Наранхүү, У.Энхзул нар ажиллаж цаг уурын өртөө, харуулуудад технологийн шинэчлэл хийх, компьютерээр хангах, ажиглагч техникчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг байнга зохион байгуулж шат дараалсан арга хэмжээ авч ажилласан байдаг.
Өнөөдөр Цаг уурын боловсруулалтын салбарт инженер Д.Шүрэн-Эрдэнэ, ахлах техникч Р.Шинэбаяр, Х.Өлзийсайхан нар ажиллаж байна.
Тус салбар нь ЦУОШГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар баталсан хөтөлбөрийн дагуу цаг уурын 7 өртөө, 6 харуулын цаг уурын шинжилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэл, ажиглалтын чанар технологи мөрдөлт, материал боловсруулалтад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, ажиглагч техникчдийг сурган дадлагажуулж, цаг уурын горимын мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн цаг уурын салбар
УЦУАУЕГазрын тушаалаар Монгол улсад анхны Хөдөө аж ахуйн цаг уурын станцыг Зүүнхараа хотод 1964 оны 9-р сарын 1нд байгуулж, тус станц нь хөдөө аж ахуйн цаг уурын хөтөлбөрт ажлыг хийж байгаад УЦУАУЕГазрын даргын 1977 оны 1 дүгээр тоот тушаалаар татан буулгаж, 1977 оны 2 дугаар сарын 28-нд Сүхбаатар суманд нүүлгэн шилжүүлж ХААЦУ-ын станцын дарга, инженерийн үүрэг гүйцэтгэгчээр н.Сүхбаатар, агро техникчээр Наянтайг томилсон байна. Тус салбар нь:
Албаны хэмжээнд ХАА цаг уурын ажиглалт, хэмжилтийн ажлыг зохион байгуулж, горимын мэдээ, мэдээллийн санг бүрдүүлэх, улсын сүлжээний өртөө харуулуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,
- Анхан шатны нэгжийн ажиглалтын материалд техник болон онолын шалгалт хийх, тайлан материал цахим сан бүрдүүлэх
-Аймгийн мал өвөлжилт, зуншлагын байдал, билчээрийн даац, багтаамж, хөрсний чийгшил тодорхойлох, цөлжилтийн мониторингийн ажиглалт хийх
- Хөрс гэсэх, хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ, хаврын хөрсний угтвар чийгшлийн урьдчилсан мэдээ, хадлан бэлчээрийн ургамлын цэцэглэлтийн, буудайн түрүүлэлт, сүүн бололтын үе шат эхлэх хугацааны урьдчилсан мэдээ, улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээг зохиох
- Аймаг, сумын төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд, гэрээт байгууллагууд, малчид тариаланчдад хэрэгцээт мэдээ мэдээллээр үйлчлэх
- Аймгийн ХАА-н бодлого, стратегийг боловсруулахад мэргэжлийн байгууллагын зүгээс санал дэвшүүлж оролцох
- Аймгийн тухайн жилийн хөдөө аж ахуйн цаг уурын эмхэтгэлийг зохиох ажлыг эрхэлдэг.
Сүүлийн жилүүдэд цаг уурын салбарт хийгдэж байгаа технологийн шинэчлэлтийн ажлуудын хүрээнд ХАА-н цаг уурын хэмжилтэд автомат багаж ашиглаж эхэлснээр хөрсний гүний чийг, температурыг хоногийн турш тасралтгүй хэмжих нөхцөл бүрдсэн байна.
Одоо тус салбарын инженерээр Г.Мөнгөнтуяа 2012 оны 12-дугаар сарын 28-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.
Тус салбар сүүлийн жилүүдэд улсад 1 дүгээр байранд 2016, 2018, 2020, 2021, 2022, 2023 онуудад шалгарсан амжилттай ажиллаж байна.
Багаж хэмжил зүй
Монгол улсад 1936 оноос ус, цаг уурын өртөөдийг байгуулж тэдгээрийн багаж, төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хэмжилт, ажиглалтын аргачлалын мөрдөлтөд хяналт тавьж эхэлсэн тэр үеэс ус цаг уурын багаж, хэмжих хэрэгслийг шалгах ажил эхэлсэн хэмээн үзэж болно. Улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн шаардлагатай уялдуулан Ус цаг уурын албаныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлж ирсний дүнд 1960 оны эцэс гэхэд ус, цаг уурын товчоодод техник байцаагчийн орон тоо бий болгон аймгийнхаа ус цаг урын өртөө, харуулыг шалган зааварлах, ашиглалтанд байгаа хэмжих хэрэгсэлд тухай бүр үзлэг, үйлчилгээ, шалгалт тохируулга хийх, гэмтлийг засварлаж, шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, тасралтгүй ажиллагааг хангах үүргийг хүлээлгэж байлаа.
1997 оны 11 дүгээр сарын 13-нд “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль” батлагдаж, уг хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор аймгийн “Ус цаг уурын байгаль орчны шинжилгээний төв”-д ус цаг уурын улсын байцаагчийг ажиллуулах болсноор Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын улсын байцаагчаар инженер М.Рэгзэдмааг томилон ажиллуулсан байдаг.
Багаж хэмжил зүйн салбар нь Ус цаг уур орчны шинжилгээний ажилд ашиглагдаж буй багаж төхөөрөмжийг эталон багажтай харьцуулан шалгалт тохируулга, засвар үйлчилгээг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллах, ус цаг уурын улсын сүлжээнд автомат багаж, төхөөрөмжийг нэвтрүүлж сүлжээг өргөтгөн, техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж хэмжлийн чанарыг сайжруулах, хяналт шинжилгээний улсын сүлжээний найдвартай ажиллагааг ханган, дотоодын болон олон улсын мэдээ солилцоог тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. ЦУОШГ, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Цаг уур орчны шинжилгээний хэмжлийн төрлөөр хэмжил зүйн мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд шалгалт тохируулгын эрх авсан ажилтан нь ус цаг уурын улсын сүлжээнд ашиглагддаг хэмжих хэрэгслийн тохиргоо, үйлчилгээ, баталгаажуулалтыг хийдэг.
2004-2010 онуудад улсын шалгагчдыг ажлын эталон барометр (РТВ 220), чийг температурын мэдрүүр (НМР 41/45) зэрэг багажуудаар хангасан нь цаг уурын зарим хэмжих хэрэгслүүдийг нарийвчлалын өндөр түвшинд шалгаж тохируулах боломжтой болсон байна. Тус албаны багаж хэмжил зүйг ЦУОТХэлтсийн дарга Д.Гомбодаш инженер 2003-2015 он хүртэл, инженер С.Энхсэлэнгэ 2015-2022 онуудад, инженер М.Амарбаясгалан 2022 оноос одоог хүртэл хариуцан ажиллаж байна. Багаж хэмжил зүйн ажлаараа улсын хэмжээнд 2005, 2006-2009, 2011, 2013-2015, 2018, 2021 онуудад тэргүүн байр, 2016, 2017, 2020, 2022 онд дэд байр эзэлсэн байна.
Байгаль орчны шинжилгээний лаборатори
Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрын даргын 1978 оны тоот тушаалаар байгаль орчны төлөв байдалд хяналт шинжилгээ, ажиглалт хийх орчны бохирдлын харуулыг нээн ажиллуулах шийдвэр гарснаар тус аймагт байгаль орчны төлөв байдалд ажиглалт хэмжилт, судалгааг системтэй тасралтгүй явуулах зорилготой анхны агаарын чанарын харуулыг нээсэн. Харуулын анхны ажиглагчаар Г.Мягмаржав ажиллаж байв.
Байгаль орчны талаар авах арга хэмжээг сайжруулан байгаль орчны төлөв байдалд хийгдэх хяналт, шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх зорилгоор УЦУОШГ-ын шийдвэрээр 1986 оны 9 дүгээр сарын 25-нд байгаль орчны шинжилгээний лабораторийг байгуулан одоогийн УЦУОШАлбаны конторын байрны хуучин моторын өрөөг засаж шинжилгээний өрөө болгон ашиглаж шинжилгээний ажлаа эхлэж байлаа. БОШЛабораторийн анхны эрхлэгчээр Ш.Сэлэнгэ, химийн инженерээр Ч.Алтан-Алим, усны шинжилгээний техникчээр Г.Дэлгэрчимэг агаарын бохирдлын харуулын ажиглагчаар Ч.Нэргүй нар ажиллаж байв. Тус лаборатори нь ЦУОШГазраас батлагдсан хөтөлбөрийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээгүүр урсаж байгаа томоохон гол мөрний мониторингийн 11 цэгээс жилдээ 120 орчим дээж авч 18-20 элементээр, худгийн ус, хаягдал уснаас дээж авч 8-18 элементээр шинжилгээ хийдэг. Сүхбаатар хот орчмын агаарын чанарын шинжилгээг түгээмэл тархалттай бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, цацрагийн түвшины өөрчлөлтийг хэмжин тогтоодог. Мөн сумдын бохирдол ихтэй суурин цэгээс дээж авч БОХТЛабораторид явуулж хүнд металл тодорхойлуулж байна. Шинжилгээний дүнг нэгтгэн аймгийн байгаль орчны төлөв байдлын тайланг жил бүр гаргаж холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагад хүргэн үйлчилдэг.
Монгол улс ОХУ-ын засгийн газрын хоорондын хилийн усыг хамгаалах ашиглах тухай байгуулсан хэлэлцээрийн дагуу Хиагт хотын Ус, цаг уурын станцтай хамтран Сэлэнгэ мөрний усанд мониторингийн дараахи цэгээс (Сэлэнгэ–Наушки, Сэлэнгэ–12-р зөрлөг) 6, 11 сард зэрэгцээ дээж аван өөрийн лабораторид шинжилгээ хийхээс гадна Улаанбаатар, Улан-Үдэ хотын БОШТЛаборатори луу явуулан хүнд металлыг тодорхойлуулж дүн мэдээгээ е-майлаар солилцон ажиллаж байна.
Сүүлийн үед хот суурин газарт агаар, ус, хөрсний бохирдол огцом ихсэж байгаа учир ажиглалтын цэг салбарыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс 2013 оны 2 дугаар сарын 1-нээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараа хотод агаарын чанарын хяналтын харуул шинээр байгуулан ажилд орууллаа.
2008-2013 онуудад ЦУОШГазар, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар, УЦУОШАлбанаас орчны шинжилгээний ажлыг сайжруулахын тулд орчин үеийн өндөр хүчин чадалтай сайжруулсан болон автоматаар хэмжигч багажаар хангасан явдал хяналт шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэхэд түлхэц болж байна.
Дээрх ажлын үр дүнд:
Агаарын шинжилгээнд мөнгөн усны уур хэмжигч зөөврийн багаж ( jerome), нийт тоосны хэмжээг SIBITA -1, 24 цагийн турш тасралтгүй агаар дахь нүүрсхүчлийн дутуу ислийг автоматаар хэмжигч байнгын (ECOTECH 9830) анализаторыг суурилуулан шинжилгээ судалгааны ажлаа хийж байна.
Усны шинжилгээнд. Хүчилтөрөгч хэмжигч, Булингар тодорхойлогч, Рн метр, ЕС- метр,
цахилгаан жин, газар дээр нь 50 элемент тодорхойлох хүчин чадаптай SMART 3 Colorimeter- г бодис урвалжын хамт, спектофотометр 7200 зэргийг ашиглаж байна.
Лабораторийн чадавхийг дээшлүүлэх, хийгдэж байгаа хяналт шинжилгээний ажлын чанарыг сайжруулах чиглэлээр Монгол улсын MNS ISO\ IEC 17025: 2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартад тавигдсан шаардлага нөхцлийг ханган ажиллахын тулд шинжилгээний ажилд ашиглах тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж итгэмжлэлд хамрагдах бичиг баримтыг бүрдүүлэн 2009 онд Монгол улсын цаг уурын төвүүдийн түүчээ болж анх удаа итгэмжлэлийн гэрчилгээ авч байсан бол 2011, 2014, 2016, 2021 онуудад 5 удаа итгэмжлэлд орж итгэмжлэлийн хүрээнд заагдсан шинжилгээг хийн ажиллаж байна. Шинжилгээний ажлын чанарын гадаад хяналтыг Стандартчилал хэмжил зүйн газрын итгэмжлэлийн лаборатори, БОХТЛабораториос жил бүр тогтмол явуулж хяналт тавьдаг. Гадаад дотоод хяналтын дээжийг удаа дараалан хангалтай дүнтэй хийж ирлээ.
Манай лабораторийн хамт олны хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд 2005, 2008, 2014-2017, 2019-2020, 2023 онуудад хяналт шинжилгээний ажилд үр бүтээлтэй ажиллаж системийн хэмжээнд тэргүүн байр, 2006, 2012, 2018, 2021 онд дэд байр эзэлсэн амжилт үзүүллээ. 2017 онд Улсын тэргүүний лаборатори болж байсан. Одоо тус лабораторийн ерөнхий инженер, чанарын менежерээр 2020 оноос хойш инженер М.Аягүл ажиллаж байгаа бол ус, агаар хариуцсан инженерээр М.Өнөржаргал, С.Цэнджав, Мандал агаарын чанарын харуулын ажиглагчаар Ц.Золзаяа нар ажиллаж байна.
Байгаль орчны шинжилгээний лабораторид БОШЛ-ын эрхлэгчээр Ш.Сэлэнгэ, Д.Оюунчимэг , химичээр Ч. Алтан-Алим, усны техникчээр Г. Дэлгэрчимэг , Д.Оюунчимэг, Л.Оюунцэцэг, О.Мягмар, Д.Отгонцэцэг, Д.Амаржаргал, М.Аягүл , агаарын техникч, ажиглагчаар Г.Мягмаржав , Х.Дарьсүрэн , Ч.Нэргүй, Х.Жаргал, Б.Туяа, Наранцэцэг, А.Байгаль, Г.Пүрэвсүрэн, Х.Цацралчимэг, Д.Амаржаргал,Т.Цэрэндолгор нар ажиллаж байжээ.
Зүүнхараа агаарын чанарын харуулд ажиглагчаар У.Энхзул, Ө.Алтанзул , Б.Оюун нар ажиллаж байлаа.
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛ
Монгол улсын нутаг дэвсгэрт ажиглагдаж буй цаг агаарын дулааралтаас улбаалсан ган, цөлжилтийн үйл явцыг сааруулж, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ЦУОШГ-ын санаачлагаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр болон Засгийн газрын "Атрын-III аян"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2008 оны 133 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Агаар мандалд зориудаар нөлөөлөх арга хэмжээний тухай” 114 тоот захирамж, УЦУОШГ-ын даргын 2008 оны 49 тоот тушаалыг үндэслэн, УЦУОШТ-ийн захирлын 2008 оны 21 тоот тушаалаар “СЭЛЭНГЭ-БОРОО 1, 2, 3” экспедицуудыг зохион байгуулж, 1 дүгээр экспедицийн даргаар М.Рэгзэдмаа, зэвсгийн инженерээр Т.Хүрэлбаатар, жолооч Б.Цогоо, 2 дугаар экспедицын даргаар Т.Лувсандорж, зэвсгийн инженерээр Д.Соёлбадрах, 3 дугаар экспедицын даргаар Д. Гомбодаш, зэвсгийн инженерээр М.Очирбаатар нарын бие бүрэлдэхүүнийг томилон ажиллуулсан билээ. Эдгээр хүмүүс нь Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтанд сууж сертификат авч мэргэшсэн юм.
Энэ ажлыг өргөтгөн сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын генераторыг 2010 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлуулж П.Ганзоригт хариуцуулан ажиллуулав.
Тус төв нь үүлний тандалт судалгааг хийх 724-XD маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цаг уурын хөдөлгөөнт радарыг 2012 оны 07 дугаар сард хүлээн авсан. Энэхүү хөдөлгөөнт радарыг ашиглан үүлний шилжилт хөдөлгөөн, хөгжил, услаг, хэмжээ, хэлбэр, хөндлөн, босоо зүсэлт зэрэг олон төрлийн үзүүлэлтээр ажиглалт, хэмжилт хийж цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, хүчтэй аадар, мөндрийг урьдчилан мэдээлэх ажилд ашиглаж байна.
Цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагааг өргөн хүрээтэй, үр өгөөжтэй, шуурхай явуулах зорилгоор 2011 оны 07 дугаар сарын 18-нд Сэлэнгэ- Бороо 4 экспедицийг Баруунхараа, Зүүнхараа цаг өртөөний инженер, техникчдийг оролцуулан байгуулж экспедицийн даргаар С.Алтансүх, зэвсгийн инженерээр Ч.Цогтбаяр, цаг уурын ажиглагчаар Б.Алтаншагай, Ш.Мягмарсүрэн нарыг, жолоочоор Х.Өлзийжаргал, О.Эрдэнэхүү, н.Төмөрбаатар, Б.Пүрэвдорж нарыг томилон ажилуулж байсан юм.
Өнөөдөр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд радар, пуужин харвах төхөөрөмж, газрын генератор, байрлал тодорхойлогч (GРS), УАЗ-Пургон, Ланд краузер 80, Л200 маркын автомашинууд, компьютер, сансрын холбооны "Иридиум" утас, аппарат зэрэг орчин үеийн техник, технологиор иж бүрэн хангагдан уг үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоо сайжирсан билээ. Эдүгээ зэвсгийн инженерээр Л.Баярмөнх, радарын инженерээр М.Амарбаясгалан нар ажиллаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаагаа амжилттай явуулж системийн хэмжээнд 2008, 2013-2018 онд удаа дараа улсын тэргүүний экспедицээр, 2019-2021, 2023 онд дэд байранд шалгарч байлаа.