ГАДАРГЫН УС СУДЛАЛЫН САЛБАР

57

ГАДАРГЫН УС СУДЛАЛЫН САЛБАР

1976 оны 9 дүгээр сарын 01-нд  байгуулагдсан. Өртөөний анхны дарга-инженерээр Н.Цэндмаа, техникчээр Цэнд-Аюуш нар ажиллаж байжээ. Дараа нь инженер Ш.Сэлэнгэ, техникч Даваасүрэн, Ш.Роолон нар ажиллаж байлаа. Тус станц нь :

  • Аймгийн нутаг дэвсгэр дээгүүр урсан өнгөрдөгСэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хүдэр, Зэлтэр, Хараа голуудын усны  горим, зүй тогтол, урсац, эргийн  эвдрэл, гульдралыг  тооцон  гаргах
  • Ус судлалын  харуулуудын шинжлгээний ажлын технологийн мөрдөлт хөтөлбөрт ажлын биелэлтэнд хяналт тавих,  мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
  • Гол мөрний усны тухайн үеийн төлөв байдлын ба онцлог үеүдийн усны түвшин, үзэгдлийн мэдээ мэдээллээр үйлчлэх
  • Сар бүрийн  гол мөрний  усны   ажиглалт,  хэмжилтийн материалд анхан шатны шалгалт хийж  дүн шинжилгээ гарган урсац тодорхойлох
  • Голын гульдралын ажиглалт,усны  болон биологийн  дээж авч шинжилгээнд оруулж  дүгнэлт гаргах
  • Жил бүрийн усны харуулуудын ус, өнгөрөлт, цас мөсний зузаан, усны түвшин, үзэгдлээр  нэгдсэн зураглал хийж, өвөл зуны усны өнгөрөлт хэмжилтээр муруй  байгуулан урсац бодож оны эмхэтгэл гаргаж улсын фондод оруулах зэрэг  ажил үүргийг гүйцэтгэдэг.

2006 оноос Ус судлалын харуулын хэмжилтийн УД-2 дэвтэр боловсруулах, хөндлөн зүсэлт болон нивелирдлэгийн материал шалгах, боловсруулах, орон нутгийн мэдээллийн сан бүрдүүлэх цогц программыг ус судлалын өртөөний ажилд хэрэгжүүлж эхэллээ. Ус судлалын инженерийн ажлыг автоматжуулсан "УД-2 дэвтэр боловсруулах", "Нивелирийн материал боловсруулах", "Усны мэдээний кодыг задалж, мэдээллийн сан үүсгэх" зэрэг программуудыг 2004-2005 онд зохион туршиж, өдөр тутмын ажилд нэвтрүүлсэн. Энэ шилжилтийн үед инженерээр О.Мягмар 2005-2015 он хүртэл, ахлах техникчээр С.Сожидмаа ажиллаж байлаа. Түүний дараа инженерээр Д.Баярхүү 2012-2013, Б.Ууганбаяр 2015-2022 хүртэл ажилласан байна.

Ус судлалын салбарын хамт олон нь шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлаараа 2004, 2006, 2008, 2011, 2014-2016 онуудад  улсын тэргүүний салбараар шалгарч байжээ.

Одоо ус судлалын инженерээр А.Нямгарав, ахлах техникчээр Т.Цэрэндолгор нар ажиллаж байна.  

Ус судлалын салбарт ажиллаж байсан инженер, ахлах техникчид: Ш.Сэлэнгэ, Ш.Роолон, М.Буянжаргал, С.Нэргүй, С.Энхсэлэнгэ, С.Сожидмаа, О.Мягмар, Д.Баярхүү, Б.Ууганбаяр,  Л.Энхтунгалаг

Ус судлалын харуулууд

Тус төвийн харьяа улсын сүлжээний ус судлалын 10 харуул ажиллаж ус судлалын горимын ажиглалт судалгааг шинжилгээний ажлын хөтөлбөрт тусгагдсанаар технологи, заавар журмын дагуу хийж чанартай мэдээ мэдээллийг дотоодын болон олон улсын солилцоонд гаргах, ус судлалын мэдээллийн санг бүрдүүлэхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Сэлэнгэ, Орхон, Ерөө, Хараа, Хүдэр, Зэлтэр, Бугант зэрэг гол мөрний усны түвшин, усны температур, мөсний зузаан, усны өнгөрөлт хэмжиж урсац тодорхойлох, гол мөрний хавар, намар ажиглагдаж буй мөсний үзэгдэл, эхэлсэн дууссан хугацаа, гол мөрний уснаас болон биологийн дээж авч усны чанар тодорхойлох, голын хөндлөн огтлолын зураглал хийх, хатаж ширгэсэн голын судалгаа, Орхон голын гульдралын хэмжилт хийн arcgis ашиглан боловсруулан эргийн эвдрэл гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Хамгийн отгон харуул 2018 онд Бугант тосгоны Улаан гүүрэн дээр байгуулагдан ажиллаж байна.

Хараа–Баруунхараа усны  харуул. 1942 оны 10-р сарын 10-ны өдөр Баянгол сумын төвийн чиглэлээр Хараа гол дээр байгуулагдсан ус судлалын харуул нь Сэлэнгэ аймагт байгуулагдсан анхны ус судлалын харуулуудын нэг юм. Голын усны ажиглалт, хэмжилт хийж ажлыг Баруунхараа цаг уурын өртөөний ажиглагчид ээлжээр гүйцэтгэдэг байв. Сүүлийн жилүүдэд ажиглагчын орон тоотой болж Ө.Оюунцэцэг 2017 он хүртэл хариуцан ажиллаж байгаад дараа нь Ө.Дүүрэнцэнгэл, одоо тус харуулын ажиглагчаар Г.Ганзориг ажиллаж байна

Орхон-Сүхбаатар усны харуул. 1942 оны 09 дүгээр сарын 17-нд байгуулагдаад татан буугдаж, 1973 оны 10 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ус судлалын “Орхон-Сүхбаатар” харуулыг Орхон гол дээр байгуулсан. Ус судлалын харуулын ажиглагчаар Пүрэвжав, С.Нэргүй,  Сүхбаатар,  Ц.Чулуунбат нар томилогдон ажиллаж байжээ.

Тус харуул нь түвшний ажиглалтыг харуулын чиглэлээр хэмжиж, өнгөрөлтийг Шаамарын гүүрэн дээрээс хэмждэг. Одоо тус харуулын ажиглагчаар М.Төмөрхөлөг ажиллаж байна. Шинжилгээний ажлын дүнгээрээ аймагт 2015 онд 2 дугаар байр, 2016, 2017, 2018 онуудад 3 дугаар байр, 2019 онд 5 дугаар байранд шалгарч байжээ.

Сэлэнгэ –Зүүнбүрэн усны харуул 1964  оны 12 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Ус судлалын “Сэлэнгэ-Зүүнбүрэн” харуулыг анх байгуулсан. Анхны Ус судлалын харуулын ажиглагчаар  Ц.Сосоржав томилогдон ажиллаж байжээ. Түүний дараа Даваажав, Пунцагсүрэн, Цэрэндорж нар ажиллаж байсан. Тус харуул нь манай аймгийн хамгийн том гол дээр ажиллаж байгаа харуул юм. Б.Алтанцэнгэл нь 1999 оноос хойш тасралтгүй 25 жил тус харуулын ажиглагчаар ажиллаж байгаа бөгөөд шинжилгээний ажлын дүнгээрээ 2007, 2023 онд улсын тэргүүний харуул болж байсан бол 2002, 2009, 2014, 2016, 2018, 2023 онуудад аймгийн тэргүүний салбараар, 2017, 2020, 2022 онуудад 2 дугаар байр, 2015, 2019 онуудад 3 дугаар байрт удаа дараа шалгарч байсан хамгийн туршлагатай, үлгэр жишээч, шилдэг ажиглагч юм.

Сэлэнгэ-Сүхбаатар усны харуул. Анх 1971 оны 06 дугаар сарын 01-нд  Сүхбаатар суманд Ус судлалын “Сэлэнгэ-Сүхбаатар” харуулыг Орхон, Сэлэнгэ голын уулзвар бэлчир дээр байгуулсан. Анхны ус судлалын харуулын ажиглагчаар Баасансүрэн, дараа нь Сүхбаатар, С.Нэргүй, Л.Оюунцэцэг нар томилогдон ажиллаж байжээ.

Усан замын тээвэр хийж байх үед  голын усны өнгөрөлтийг жижиг катер онгоцон дээрээс хэмжин тодорхойлж байсан. Сүүлийн жилүүдэд уг өнгөрөлт хэмжилтийн ажил зогссон. Голын өргөн дунджаар 375 м, гүн нь 6 м хүрнэ. Тус харуулын ажиглагчаар одоо Ц.Чулуунбат ажиллаж байна. Ц.Чулуунбат нь аймгийн ОБГ-тай хамтран ард иргэдэд үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээг цахим суваг ашиглан түгээж ажилладгаас гадна бусад харуулын ажиглагч нарыг сургаж дадлагажуулах, багаж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх талаар заавар зөвлөмж өгөх зэргээр дэмжин ажиллаж шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлаараа 2016-2020 онд аймагтаа 4 дүгээр байр, 2021-2022 онуудад 3 дугаар байранд шалгарч байжээ.

Ерөө- Ерөө усны харуул 1959 оны 08 дугаар сарын 01-нд Ерөө суманд Ерөө гол дээр ус судлалын харуулыг байгуулж ажиллуулж эхэлсэн байна. Голын усны түвшинг харуулын чиглэлээр, өнгөрөлтийг гүүрэн дээрээс хэмждэг. Тус харуулын ажиглагчаар Б.Сэргэлэн, Ц.Энхбаяр, Дэлгэрцогт, М.Баатар, Д.Цогтбаатар, Б.Пүрэвжав, М.Мөнхзаяа, С.Пүрэвдорж, С.Наранбаяр, Г.Отгонжаргал, Н.Батням нар ажиллаж байсан бол одоо С.Төмөрбаатар ажиллаж байна.

Орхон-Орхон усны харуул 1970 оны 10 дугаар сарын 19-нд  Орхон голын усны харуулыг байгуулан, харуулын анхны ажиглагчаар Ш.Отгонбаяр ажиллаж эхэлжээ. Усны түвшинг харуулын чиглэлээр усны өнгөрөлтийг авто замын  бетонон гүүрэн дээрээс хэмждэг. Одоо тус харуулын ажиглагчаар  Н.Бямбасүрэн ажиллаж байна.

Усны техникчээр: Ш.Отгонбаяр, Эрдэнэбаатар, М.Хүрэлбаатар, Д.Гантулга, Б.Эрдэнэчулуун, Ц.Энх-Амгалан, Д.Баттөмөр нар ажиллаж байжээ.

Ерөө-Дулаанхаан усны харуул.  1981  оны 07 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд Ерөө гол дээр Ус судлалын “Ерөө-Дулаанхаан” харуулыг байгуулж ажиглалт хийж эхэлсэн. Анхны ажиглагчаар Отгон томилогдон ажиллаж байлаа. Түүний дараа Төмөрцэцэг, Б.Чулуунбаатар нар ажиллаж байв.  Усны түвшинг харуулын чиглэлээр, өнгөрөлтийг төмөр замын гүүрэн дээрээс хэмжиж байсан. Сүүлд төмөр замын гүүрийг нурааж шинэчилсэн тул цаашид өнгөрөлт хэмжих бололцоогүй болж өнгөрөлтийн чиглэлийг төмөр замын гүүрнээс дээш 2 км орчим газар Ерөө голын авто замын гүүрэн дээр хийхээр шийдвэрлэн шилжүүлсэн. Тус харуулын ажиглагчаар Д.Батцоож ажиллаж байна. Тус харуул нь сүүлийн жилүүдэд ажил нь тогтвортой сайжирч 2015, 2017, 2019, 2020, 2022 онуудад аймгийн тэргүүний харуулаар шалгарч байсан бол 2016, 2018, онуудад удаах байранд шалгарч байсан манай аварга ажиглагчдын нэг юм.  

Хүдэр-Хүдэр усны харуул. 1981 оны 09 дугаар сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Ус судлалын “Хүдэр-Хүдэр” харуулыг  байгуулсан байна. Анхны Ус судлалын харуулын ажиглагчаар П.Чанцал(1981-1988) томилогдон ажиллаж байсан бол Д.Оюундалай (1988-2013), Г.Хангарьд( 2013-2015), Л.Анхбаяр(2015) нар ажиллаж байжээ. Усны түвшин, өнгөрөлтийг харуулын чиглэлээр туулж хэмждэг. Одоо ус судлалын харуулын ажиглагчаар Ж.Тамирхүү 2015 оноос хойш ажиллаж байна.

Зэлтэр- Зэлтэр усны харуул 2003 оны 05 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд Зэлтэр гол дээр авто замын гүүрний ойролцоо  Ус судлалын “Зэлтэр-Зэлтэр” харуулыг байгуулан ажилд оруулсан бөгөөд анхны харуулын ажиглагчаар Б.Лхагважавыг томилон ажиллуулж байгаад 2012 оноос Г.Баттүшиг томилогдон  одоог хүртэл ажиллаж байна. Тус харуул нь сүүлийн жилүүдэд ажил нь тогтвортой сайжирч 2019, 2023 онуудад аймгийн тэргүүний харуулаар шалгарч байсан бол 2015 онд 3 дугаар байранд шалгарсан байна.

Ерөө-Бугант усны харуул 2018 оны 08 дугаар сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд Ерөө голын “Улаан гүүр” дээр ус судлалын харуулыг байгуулсан. Одоогоор тус төвийн хамгийн сүүлд байгуулагдсан ус судлалын харуул юм. Тус харуулын анхны ажиглагчаар Л.Даваасүрэн томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 1-нээс Ш.Борхүү ажиллаж байна.

Хуваалцах :